Наваанзоч Х. ЦЭДЭВ МҮИС-ийн багш, профессор, Боловсролын академийн жинхэнэ гишүүн:XҮМҮҮЖИЛГҮЙ БОЛОВСРОЛ ОЛГОСООР БАЙХ УУ?

Манай улс зах зээлийн нийгэмд (үнэндээ бол капиталист) нийгэмд хөл тавьснаас хойш гуравдахь арван жилдээ орж, нэлээд хугацааг ардаа орхисон ч боловсролын салбар маань шинэчлэлт өөрчлөлтийн далбаан доор байнгын хөдөлгөөн дор оршсоор ирсэн ч өөдтэй өөрчлөгддөггүй нэгэн чухал зүйл байсаар байгаа нь хүмүүжил юм. Хүмүүжил, сахилга бат ярихаар л социализм, коммунизм болчихдог мэтээр ойлгох болж. Өмнөх нийгэмд сайн сайхан зүйл боловсролын салбарт их байсныг дөчөөс дээш насныхан сайн мэднэ. Хамгийн гол нь боловсролыг хүмүүжилтэй салшгүй холбоотойгоор авч үздэгт байсан юм. Хүний өв тэгш хөгжлийн асуудлыг ч тодорхой тавьж хэрэгжүүлдэг байлаа. Тухайлбал, оюун ухааны, ёс суртахууны, бие бялдрын, хөдөлмөрийн, гоо зүйн хүмүүжил.
Социалист нийгмээс капиталист нийгэмд шилжсэнээр өмнөх нийгмийнхээ бүхий л зүйлийг өөрчлөхөөр бодлого боловсруулан ажиллаж байгаа нь урдахаа үгүйсгэж, цоо шинээр буй болгохоор эрмэлзэх, чингэхдээ гадаадынхны элдэв шинэчлэл өөрчлөлт мэтийн зүйлийг монгол хөрсөнд тохирох, эс тохирохыг үл харгалзан шүүрч авч хэрэгжүүлэх гэж оролдлого хийсээр байгааг өнөөгийн боловсролын шинэчлэлт хэмээн ойлгож болмооргүй. Уламжлал, шинэчлэлийн зохистой харьцааг зөв тогтоож, хойч үеэ боловсролтой болгохын зэрэгцээ хүмүүжилтэй болгон төлөвшүүлэх, тэднийг даяаршлын гэгдэх далбаан дор орж буй элдэв гажууд, нийгэмд сөрөг болохуйц зүйлээс хамгаалах бодлого баримаар байна.
Боловсролын өнөөгийн байдлыг ямар төвшинд байгааг цөөхөн тоон баримтаар ойлгож болно. Боловсролын төвшиний асуудлыг гэмт хэрэг зөрчилд залуучууд хэрхэн хамрагдаж буйгаар харж болно. 
Сүүлийн гурван жилийн эцсийн байдлаарх бүртгэгдсэн гэмт хэргийн тоо   

Он 2013 2014 2015
Гэмт хэргийн тоо 25362 27318 27757
Гэмтсэн болон тахир-дутуу болсон хүмүүс 9797 11281   11287  
Нас барсан 949 1078 847

Хүүхдүүд оролцсон гэмт хэрэг 8% буюу 85 хэргээр, эмэгтэйчүүд оролцсон гэмт хэрэг 3,8% буюу 137 хэргээр, бүлэг гэмт хэрэг 15,2% буюу 409 хэргээр тус тус нэмэгджээ. 2015 оны эцсийн байдлаар 10000 хүнд 141 гэмт хэрэг оногдож байна. Гэмт хэргийн улмаас 847 хүн амь насаа алдаж, 11587 хүн гэмтэж, тахир дутуу болсон нь өнгөрсөн онтой харьцуулахад мэдэгдэхүйц өсчээ.Энэ талаар Статистикийн сар тутмын мэдээллийн 2015 оны №12-т дурджээ.
2000 оны байдлаар ажилгүйчүүдийн 6.0% нь дээд боловсролтой байсан бол 2003 онд энэ үзүүлэлт 9.2%, харин 2010 онд 19.5% хүрчээ. Эндээс харахад ажилгүйчүүдийн бараг 20% нь бакалаврын дипломтой, 5.4% нь тусгай дунд, 6.0% нь тусгай боловсролтой ажээ. 65.5% нь бүрэн дунд, 3.1% нь бага, 0.6% нь ямар ч боловсролгүй хүмүүс эзлэж байгааг судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.  
Эдгээр тоон баримтууд нь бүх шатны сургуулиуд дахь сургалтын чанарын тухай үзүүлэлтүүд даруй мөн.   
Өөр нэгэн баримтыг авч үзье.  Монгол улс 2012 онд Боловсролын үнэлгээний олон улсын байгууллагад  1.5 сая доллар төлж үнэлгээ хийлгэхэд ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар “маш муу” гэсэн үнэлгээ авсан талаар профессор Т.Улаанбаатарын “Өдрийн сонин”-д бичсэн өгүүллээс үзэж болно. ШУТИС-ийн тэргүүлэх профессор Т.Улаанбаатарын бичсэнээр: “Боловсролгүй байж болно, чанаргүй боловсрол бүр ч хэрэггүй, харин хүмүүжилгүй байж хэрхэвч болохгүй. Хүмүүжилгүй боловсрол маш аюултай. ...боловсролтой бол хүмүүжил аяндаа бий болох юм шиг өрөөсгөл ойлгож ирсэн боловсролын системийн доголдлоос болоод хүмүүжиж төлөвшиж чадаагүй дээд боловсролтой бүхэл бүтэн нийгмийн давхарга үүсээд байна. Тэднийг “Буутай сармагчинтай” зүйрлэж болно. Хүмүүжилгүй боловсролтнууд ... юуг ч хийхэд бэлэн, хайрлах эрхэмлэх зүйлгүй, эх орноо худалдахад ч бэлэн болж байна. Зарим нь дээрэм, тонуулд гаршиж, айлган сүрдүүлж дарамтална, ажил голж шилнэ. Албан тушаалын хойноос улайран тэмүүлнэ. Бүр оюутан цагаасаа л  албан тушаал, зөөлөн сэнтий мөрөөддөг залуус цөөнгүй болжээ”- хэмээн бичсэнтэй санал нэгдэх хүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна.   
Монгол хүний хүмүүжил нь эцэг эх болон байгаль дэлхийтэй харьцах эрхэм харилцааны явцад бүрэлддэг хүмүүжлийн тогтолцоо байсан, хүмүүжил нь хүний хувь заяаг шийдвэрлэдэг, хүний бүхий л амьдралынх нь туршид төлөвшдөг тасралтгүй үйл явц билээ. Хүний хүмүүжил суларч доголдсон талаар академич Н. Бэгз: “Сүүлийн жилүүдэд залуу үеийнхний хүмүүжлээр сэтгэл дундуур байгаагаа иргэд янз бүрийн төвшинд илэрхийлдэг болж, төр засаг ч үүнд анхаарлаа хандуулж эхлэж байна” – гэж бидний саналыг хуваалцаж буйгаа дурдсан нь бий.
Тэрчлэн “Сураагүй, боловсроогүй, оюунлаг биш, урлагийн, спортын болон лам бөө гэх мэт хүмүүс нийгэмд хор уршиг тарьсан хэвээр. Худлаа дипломтой ... хүмүүс их дээд сургуульд профессор, эсвэл багш нэрийн дор лекц уншсан хэвээр. Тэдний гайгаар ухааны ямар ч ойлголтгүй залуус нийгэм рүү урссан хэвээр. Юу ч сураагүй хүн хожим нийгмийг бусниулж, зөвхөн үймээн тарьдаг үймүүлэгчид болж хувирдаг” – гэж судлаач С. Молор-Эрдэнийн бичсэнийг ч эргэцүүлж үзмээр. 
Үнэн хэрэгтээ бол “хүмүүсийн хүмүүжигдсэн байдлаар нийгмийн оюуны үнэт зүйлсийн төвшин, түүний институтүүдийн мөн чанар, төрийн байгууллагуудын гол чиг тодорхойлогддог. Боловсролтой байх нь хүмүүсийн материаллаг нөхцөлийг ухаалгаар хөгжүүлэх гол хүчин зүйл мөн. Нийгмийн оюуны болон үйлдвэрлэх хүчний дэвшил гарахгүй үед уналт, задрал явагдах нь зайлшгүй. Соёл иргэншлийн бүхий л түүх бол түүний маргашгүй нотолгоо мөн” хэмээн нэрт сурган хүмүүжүүлэг, онолч В.П. Беспалько бичсэн нь бий. 
Боловсрол, хүмүүжил хоёрыг салгаж болшгүй.  Энэ талаар монгол ардын  сурган хүмүүжүүлэх ухаанд ч тодорхой заасан байдаг. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”, “Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ”, “Хүн хүмүүжлээрээ, хүлэг эдэлгээгээрээ”,”Буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэхчлэн олон арвин сургаал бий. 
Боловсролын сонгодог онолчид ч хүмүүжил боловсрол хоёрыг салгалгүй, хамтад нь нэг цул ойлголт мэтээр үзэж иржээ. “Мэдлэг дамжуулалгүйгээр хүмүүжүүлж эс болно. Ямарваа мэдлэг хүмүүжүүлэх үйлдэл үзүүлдэг” хэмээн бидний сайн мэдэх Оросын зохиолч Лев Толстойн өгүүлсэн нь бий. Харин зан суртахууны үндэсгүй мэдлэг ямар ч ашиггүй, харин ч хор хөнөөлтэй.  
“Зан суртахууны асар их чармайлтгүйгээр, оюун санааны ололтгүйгээр, залуу үеийг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлэхэд хүчин чармайлт гаргахгүйгээр өнөөгийн соёл иргэншил, техникт дулдуйдсан ч бай, мэдээллийн ч бай, ердөө л сөнөнө” хэмээн оросын эрдэмтэн С.Х.Карпенков бичсэнийг эрхбиш эрэгцүүлэн бодоход илүүдэмгүй санагдана. Бидний амьдарч буй даяаршлын өнөө үе нь нийгэм нь үзэл сурталгүй, үнэт зүйлсээ өөрчилсөн, эрдэмтдийн өгүүлснээр “үнэт зүйлсийн хувьсгал”-аар тодорхойлогдож байна (Б.С. Гершунский, Н.С.Розов, Н.Д. Никандров). Үнэт зүйлсийн уламжлалт баримжааллууд шинэ үнэт зүйлсээр солигдох болов. Социологийн судалгаанаас үзэхэд өнөөгийн залуус мэргэжил сонгохдоо хүртэл материаллаг-эдийн засгийн үнэт зүйлсэд тулгуурлах болжээ. 
Монгол улсад ч гэсэн социализмын үед олж авсан өмнөх үнэт зүйлсээ гээх үйл явц явагдаж байна. Энэ талаар “Өвөр Евразийн соёл иргэншлийн тогтмолууд: үнэт зүйлсийн тогтолцоо ба ертөнцийг үзэх баримжаалал” хамтарсан төслийн дүнгээс тодорхой харж болно. Энэхүү судалгааны нэгэн хачирхалтай дүгнэлт “ахмад үеийнхний нэр хүндийн уналт”. Энэ нь ахмадууд үеэ өнгөрөөсөн гэх үзэл ихэд газар авсных. Хүний эрхээр далайлган, эрхээ эдлэж байгаа мэтээр бүхий л зүйлд өөрсдийн зоргоор хандах болсных. 
Өнөөгийн залуусын гол халамжлан хүмүүжүүлэгчид нь дунд, дээд сургуулийн багш нар биш (харамсалтай нь тэд сурагч, оюутны хүмүүжилд тууштай анхаарал хандуулдаггүй), харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд: шар хэвлэл, янз бүрийн цахим сайтууд. Боловсролын байгууллагууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүмүүжлийг боловсрол олгох үйл явцын салшгүй хэсэг хэмээн үзэхээ нэгэнт больжээ. Хүмүүжил гэдэг үгийг “хандлага” хэмээх үгээр сольжээ, сахилга бат гэдэг үг бүр мартагджээ. Хүмүүжлийн ажлыг янз бүрийн спорт-зугаа цэнгээний арга хэмжээнүүд, элдэв төрлийн конкурсээр солив. Нөгөө талаас залуучуудын хүмүүжлийн байдалд юм л бол авлигад өртдөг, нүд хуурах байдлаар амиа аргацаадаг засаглалын албатууд, тэр бүү хэл парламентийн гишүүдийн төрх байдал ч хүчтэй нөлөөлж байна. Эх орны хөгжил цэцэглэлтийн төлөөх олон хүмүүсийн шударга, амь бие хайргүй хөдөлмөр үнэлэгдэхгүй болжээ. 
Б. Одсүрэнгийн “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн ”“Сахилга бат хэмээх бидний мартсан үг” гэсэн гарчигтай өгүүлэлд “Сахилга бат гэдэг нь дарлал, дарангуйлал, хүчирхийлэл огт биш бөгөөд гагцхүү дүрэм журам, үүрэг хариуцлага, цэгцтэй хуваарилалт юм. Хувь хүн аятайхан амьдрахаас эхлээд улс орон хөгжихийн үндэс суурь бол сахилга бат” гэсэнтэй миний хувьд үзэл бодол нэг байна. 
Боловсрол бол хүн, нийгэм, тухайн улс орны сонирхолд нийцсэн хүмүүжил, боловсрол юм. Нийгэмшил гэдэг бол боловсрол төдийгөөр хязгаарлагдахгүй (түүний үндсэн бүрэлдүүн хэсгүүд болох хүмүүжил, сургалтыг хамрана), гэхдээ ухамсартайгаар харгалзан үзүүштэй, санамсаргүй үүсэн гарах хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцон үзэх учиртай.Дэлхий ертөнц хурдан өөрчлөгдөж байна. Тэрээр улам өрсөлдөөний маягтай, гол тэмцэл нь боловсролын салбарт явагдаж байна ч гэж хэлж болохоор байна. XXI зуун бол боловсролын төвшний өрсөлдөөний зуун болж байна ч гэж зарим судлаачид үздэг. Яагаад ч юм бэ хүмүүс дээд боловсролын диплом горилцгоох болжээ. “Дээд боловсролгүй бол яахын ч аргагүй” (ёстой л гудамжинд лааз өшиглөхөөх өөр замгүйгэсэнтэй адил) гэсэн  эргэцүүлэл 1990-ээд оноос эхлэн одоог хүртэл хүмүүсийг амраахгүй зовоосоор. Иймэрхүү цуу үг боловсролын даяаршлын үр дүнд гарч ирсэн, манай эцэг эхчүүд ч соргогоор шүүрч авч боловсролын төлөөх, дипломын төлөөх өрсөлдөөнд орцгоож “Хүүдээ (охиндоо) гарт бариулах юм хэрэгтэй” хэмээцгээсэн билээ.  
Гэтэл юу болов? Залуус маань даяаршлын бай болж, түүний гол номлол болох хэрэглэгчдийн байр суурь суурь руу хэлбийж, хар ажлаас дайжсан, амар хялбар аргаар мөнгө олохыг горилогчид болж хоцров. Муу боловсрол гэгч үнэн хэрэгтээ үндэсний хэмжээний байж чадахгүй, үндэстэн, угсаатны хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэж чаддаггүй. Хэрвээ боловсрол нь хэлбэрийн төдий, улс төрийн лоозонгийн төдий байваас шинжлэх ухаанч, ёс суртахуунлаг байдал нь алдагдаж, үндэсний ухамсрыг сэргээж, хөдөлмөрийн зах зээл дээр дайчин шаргуу, өрсөлдөх чадвартай болгож эс чадна. Зах зээлийг туйлчлан үзэх нь боловсрол, соёлд туйлын хортой. Эд хөрөнгө шүтэх, материаллаг зүйлд санаархах нь оюуны хомсдолд оруулдаг, энэ нь нийгэм болон хүний хувьд хөнөөлтэй. Ардчиллын өөрчлөлтийн дараа тогтсон ийм нөхцөл байдал ялангуяа залуусыг оюуны хоосрол болон ёс суртахуунгүй байдалд хүргэж, улмаар тэднийг гэмт хэрэг зөрчил рүү түлхэж, нийгмийн дэг журмын энгийн хэм хэмжээг ч уландаа гишгэхэд нөлөөлөв. 
Профессор О. Пүрэвийн тэмдэглэснээр монголын залуучуудын (17-35 насны)нийгэмшил, хүмүүжилд зан суртахуунгүй, ёс зүйгүй байдал зэрэг нийгмийн хямрал, донсолгооноос үүдэлтэй зөрчилт нөхцөл байдал онцгой нөлөөл үзүүлжээ. 1990-ээд оны ардчилсан өөрчлөлтийн дараа эрх чөлөө гэгчийг эрхэмлэн уриалж, залуус түүнд итгэн, хүүхэд залуучуудын хүмүүжлийн ажлыг зоргоор нь орхиж, төр, нийгэм, сургууль, боловсролын байгууллагын зүгээс залуучуудын хүмүүжлийн бодит орчинг бий болгосонгүй, өөр үгээр хэлбэл, шинэ нөхцөл байдалд тохирсон хүмүүжлийн зорилго, агуулгыг дэвшүүлэн хэрэгжүүлж чадсангүй. Үүнээс болж залуус сөрөг зуршилд хөтлөгдөн, юу хүссэнээ хийх болов. 

Дүгнэлт: 

1. Өнөөдрийн байдлаар манай улсад 100 гаруй улсын болон хувийн их, дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор хувийнхан зонхилж байна. Тэдний хоорондын ялгаа арилж байна (урд нь ялгаа их байсан). Сургалтын төлбөрөө авсан л бол төгсгөнө. Төлбөр дутуу бол төгсөх талаар бодох ч хэрэггүй. Их, дээд сургуулиудад боловсролд анхаарал тавихаас,  хүмүүжилд нь анхаарах асуудал орхигджээ. Энд боловсролын чанарын талаар ярих нь илүүц бизээ. Дунд сургууль ч бас иймэрхүү. Хичээлээс гадуурх ажил спорт-зугаацлын чанартай арга хэмжээгээр солигджээ. Үнэндээ их, дээд сургуулиуд нь ажилгүйчүүдийн армийг дипломтой мэргэжилтнүүдээр хангагчид болжээ гэхэд хилсдэхгүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон дээд боловсролтой иргэдийг аль сургууль төгссөн эсэхээр нь “цоллож”, байр эзлүүлж байх, их, дээд сургуулиудын рейтинг буюу зэрэглэл тогтооход нь харгалзаж үздэг байх цаг нь нэгэнт болжээ.  
2. Боловсролын үндсэн хэрэглэгчид нь бизнес, арилжааны бус чиглэлийн нийгмийн институтүүдээс тогтох нийгэм болж хувирчээ. Тэд боловсролын зорилгыг үйлдвэрлэлийн хэрэглээний үүднээс үнэлэх болов. 1990-ээд оноос хойшхи тасралтгүй өөрчлөгдсөөр буй нийгэм дэх ардчилсан өөрчлөлтүүд ард түмний сэтгэцийн хэв маягийг үгүй хийх, жинхэнэ үнэт зүйлсийг гажуудуулах, барууны нийтийн соёлыг дэлгэрүүлэх, нийгмийн дэг журмыг унагах, хөдөлмөрийн үйл ажиллагааны нэр хүндийг доорд үзэх, хэрэглэгчийн ёс суртахууныг батлан харуулах, эмх замбараагүй өөрчлөлтүүд хийх, урд нь тогтсон боловсролыг зах зээлийн дэгд нийцүүлэхэд хүргэв. Иймэрхүү маягаар бүх шатны боловсролын байгууллагуудад уламжлалт бүхэл бүтэн хүмүүжлийн тогтолцоог нурааж, боловсролын хүмүүжүүлэх үүргийг дутуу үнэлэх болов.
3. Үндсэн гол хүмүүжүүлэгчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, элдэв сайтууд, реклам, видео- болон номон бүтээгдэхүүнүүд болов. Цэнхэр дэлгэцээр гэмт үйлдлүүдийг ил болгон, хувиа бодох үзэл, тансаглах ёс суртахууныг дэлгэрүүлж,муу муухайг дэвэргэн сайшааж, өдөр бүрийн амьдралд харгис хэрцгий, балмад танхай явдлыг өдөөн турхирах болов. Даяаршлын шахалтын дор нийгмийг баруунжуулах үйл явц эрчимтэй явагдаж байна: хүмүүс хэрэглээний үзэл сурталд дасаж, баян хоосны ялгаа илэрхий тодорч байна. 
4. Зах зээлийн томъёолол болон загвараар боловсрол нь бараа (товар) болжээ. Хэрвээ бараа л юм бол боловсролын үйлчилгээний зах зээлээс худалдаж авч болно, зарж борлуулж ч болно. Ийм маягаар боловсрол нь, ялангуяа дээд боловсрол бизнесийн гол зорилго болсон мөнгөнд захирагдах болов. Их дээд сургуулийн төгсөгч цаг үетэйгээ хөл нийлүүлэн явж чадахуйц хүмүүжилтэй, боловсролтой байх эсэх нь бизнес эрхлэгчдэд падгүй. Төлбөрөө төлсөн бол диплом олгоно, эс төлөөгүй бол олгохгүй.
5.  Манай орны бүх шатны боловсролын байгууллагуудын өнөөгийн үйл ажиллагаа болон дээр авч үзсэн нөхцөл байдлын эцсийн дүнд хүмүүжилгүй, сахилга батгүй хүмүүс олноор гарч байна. Тэд нар хэнд хэрэгтэй вэ? Эх оронд уу? Хувийнхаа сайн сайхны төлөө юу ч хийхээс буцахгүй тийм хүмүүс эх оронд ч хэрэггүй. Дэлхийн шинэ дэг журам гэгчийг дэвшүүлэн тавьж, бусад улс орнуудад тогтворгүй байдлыг хадгалахыг хүсдэг америк тэргүүтэй барууныханд л тэд хэрэгтэй юм. 
6. Энэ бүхнээс үзэхэд манай орны боловсролын бодлого хэтэрхий сул боловсруулагджээ гэсэн эцсийн дүгнэлт гарч байна. Энэ нь манай орны хөгжлийн бодлоготой гүнзгий холбоотой, улс орны тогтвортой хөгжил, цаашилбал улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой ч холбоотой асуудал мөн учраас боловсролын салбарын өөрчлөлтийг ултай, үндэстэй, уламжлал шинэчлэлийг хослуулан явуулах шаардлага тулгарч байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ