Ховд аймгаас 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж Баян-өлгий аймгийн барилгын цэргийн 340 дугаар анги, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаасан дайчид халагдаж ирлээ. Иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж хугацаат цэргийн алба хаасан дайчдыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нарын албаны төлөөлөл, цэрэг, дайчдын аав, ээж, ах дүү, төрөл төрөгсөд нь хүндэтгэн угтан авлаа.
Тус ангиудад алба хаасан дайчид бүтээн байгуулалтын ажилд оролцсон. Улмаар 5-6 чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Тухайлбал, жолооны курст А, В ангиллаар суралцсан, МСҮТ-д засал чимэглэлчин, экскаваторын операторчин, засварчин зэрэг мэргэжил эзэмшсэн байна.
Цэргийн эрдэмд шамдан суралцаж, албаа нэр төртэй хаасан нэр бүхий зарим цэрэг дайчдыг аймгийн Засаг даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнаж урамшууллаа.