Ховд аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Ван Юань компанийн Ерөнхийлөгч Чөн Шин Лан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус компани нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ингэний сүүний үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэн ингэний сүүгээр эрүүл мэндийн ундаа, гоо сайхан, ноосон эдлэл зэрэг тэмээнээс гарах түүхий эдээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Уулзалтаар Ховд аймагт хэрэгжиж буй Шинэ Ховд үйлдвэр технологийн паркийг түшиглэн "Ингэний сүү боловсруулах үйлдвэр" байгуулах, тэмээг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малчид орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байгаа талаар санал солилцов.
Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд энэхүү уулзалтаар Ван Юань компани, Ховд аймаг хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан, хөрөнгө оруулалтын үр дүнтэй уулзалт болсныг онцлоод үйлдвэр барих тал дээр аймаг орон нутгийн зүгээс 100 хувь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Үүний дараагаар тус компанийн төлөөллүүд “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпорац” ОНӨААТҮГ, аймгийн ХХААГ, Тэмээчдийн хоршоо болон малчдын төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагааныхаа чиглэлээр мэдээлэл өглөө.