UNIDO буюу НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан Суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллав.
Албаны төлөөллийг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа хүлээн авч уулзан санал солилцлоо. НҮБ-ын аж үйлдвэр, хөгжлийн байгууллага Ховд аймагт ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоршоодтой хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар:
НҮБ-аас 2025 оныг "ХОРШООГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан цаашид дараах чиглэлүүдээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр боллоо.
НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага Ховд аймагт өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд Австрали болон Шинэ Зеландын туршлагаар хонины ноосыг цахилгаан машинаар хяргах сургалт, хяргагч нарын бэлтгэх ажлыг зохион байгуулсан. Үр дүнтэй хэрэгжсэн энэ хөтөлбөрийг цаашид Ховд аймаг төдийгүй баруун бүсэд өргөжүүлэн хэрэгжүүлэх, ноос түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо. Энэ ажлын хүрээнд Австрали Улс болон Шинэ Зэланд улсад мэргэжилтэн бэлтгэж, цалинтай дадлагажуулах, хонины ноос хяргагч нарын тоог нэмэгдүүлэхээр болов.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн зорилгын хүрээнд баруун бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх,
“Шинэ Ховд” ҮТП-ын бүтээн байгуулалт, ялангуяа хүний нөөцийг бэлтгэх, цэвэрлэх байгууламжийг байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөмж авч хамтран ажиллахаар ярилцлаа.
ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР