Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Үүний зэрэгцээ ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандоржоор ахлуулсан ажлын баг баруун бүсийн аймгуудад тусгай хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.
Тус ажлын баг Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд, Эрдэнэбүрэн сумын зарим малчидтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл түгээлээ.
Ховд аймагт 9000 орчим малчин өрх уламжлалт мал аж ахуй эрхэлж байна. Орон нутгийн малчид сайн дураараа нэгдэн хоршоо байгуулж, хамтран ажилласнаар тодорхой дэмжлэг авах, цаашлаад өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Энэ удаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж буй зарим малчид, хоршоологчдын санал бодлыг сонслоо.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогод Хот, хөдөөгийн сэргэлт туссан. “Шинэ хоршоо" хөдөлгөөнөөр хөдөөгийн сэргэлтийг эхлүүлж, чинээлэг малчныг бий болгохын төлөө хамтдаа зүтгэхийг албаныхан уриалав.