Өнөөдөр /2023.12.14/ Улсын Онцгой комиссын "ШУУРХАЙ ШТАБ"-аас "ЦАХИМ ХУРАЛ" зохион байгуулав.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа:
Ховд аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрсдэлийг даван туулах бэлтгэл, төлөвлөгөөг хэрхэн хангаж ажилласан талаар мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар:
Ховд аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр:
Нутгийн 20 орчим хувь нь дунд зэргийн эрсдэлтэй, 80 орчим хувь нь их буюу нэн их эрсдэлтэй гарсан байна.
Аймгийн хэмжээнд 2023-2024 онд нийт 3321,4 мянган мал өвөлжинө гэсэн тооцоотой байгаа.
Зудын их буюу нэн их эрсдэлтэй бүс нутгуудаар өвөлжилтийн байдал хүндэрч, цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байгаа нь хүйтний зуд болох нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Тиймээс:
Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс нийт 297 тн өвс, 398 тн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн дундаж хувь бэлтгэвэл зохих хэмжээнээс дөрөв дахин илүү бэлтгэсэн дүнтэй байна.
Харин малчдын түвшинд 62 мянган тн өвс, 2027 тн тэжээл, 6610 тн хужир шүү бэлтгэж, хадлан бэлтгэл 100 хувь, тэжээл бэлтгэл 67,6 хувь, хужир шүү 82,6 хувьтай байгааг аймгийн Засаг дарга Э.Болормаа УОК-ын Шуурхай штабын цахим хуралд танилцуулав.
Улсын Онцгой комиссын "ШУУРХАЙ ШТАБ"-аас:
Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, сум, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэн бүхий л түвшинд хамтран ажиллах чиглэлийг өглөө.