Ховд аймагт Төрийн үйлчилгээний "ХУРДАН" төв гурван цэгт ажиллана



Төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх зорилготой "Хурдан" төвийн нээлтийг өнөөдөр /2023.08.10/ зохион байгууллаа.

Тус төв нь иргэдэд төрийн 39 байгууллагын нийт 440 үйлчилгээг нэг цонхноос авах түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй хүргэж ажиллана.  



Иргэд өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээг авах гэж олон албан байгууллагын хаалга татаж, дунджаар 2-3 цагийг зарцуулдаг байсан бол төрийн үйлчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр гар утаснаасаа, киоск машинаас, эсвэл өөрт хамгийн ойр байрлах Хурдан төвөөс 10-15 минутын дотор авах боломж бүрдэж байгаа юм.


Ховд аймагт одоогоор Төрийн цахим үйлчилгээний гурван цэг ажиллаж иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, "Инвест Ховд"-д байрлах "ХУРДАН" төв, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт байрлах "НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ"-нд үзүүлж байгаа бол удахгүй "ЭВИЙН ХҮЧ" худалдааны төвийн хоёрдугаар давхарт гурав дахь цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөж байна.



Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын харьяа Ховд аймаг дахь “Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн “ХУРДАН” төв нь таван орон тоотой ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас үйл ажиллагаа эхэлж түүнээс хойш 4000 гаруй иргэдэд үйлчилжээ.

Иргэд:

-Иргэний үнэмлэх,
-Оршин суугаа газрын хаяг,
-Нийгмийн даатгал,
-Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг хамгийн их авсан гэдгийг албаныхан хэлж байлаа. 



"ХУРДАН" төвийн нээлтэд аймгийн Засаг дарга Э.Болормаа оролцлоо. Энэ үеэр хэлсэн үгэндээ:

"Та бид Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх нэгэн чухал ажлыг орон нутагт эхлүүлж байна.

Төр нь иргэндээ хүрч үйлчлэх учиртай. 
Энэхүү үйлчилгээ нь чирэгдэлгүй, хурдан шуурхай байх нь хамгийн чухал. Иргэд ч мөн ийм үйлчилгээг хүлээж байгаад тулгуурлан аймгийн зүгээс 111 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. 

Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр үйлчилгээний шат дамжлага буурч, иргэдэд илүү хүртээмжтэй болохын зэрэгцээ “Иргэн төвтэй нийгэм” байгуулахад нэг алхам ойртлоо. Цаашид хөдөөгийн сумдад энэ үйлчилгээг нээхээр зорьж байгаа" хэмээн онцоллоо.



Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын харьяа Ховд аймаг дахь “Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн “ХУРДАН” төвийн нээлтэд мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа болон холбогдох албаны бусад төлөөлөл оролцов. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ