Өвөлжилт хүндрэлтэй байгаа сумууд болох Булган, Үенч, Алтай сумдад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар болон бусад албаны төлөөллүүд цаг үеийн нөхцөл байдалтай танилцан зохих арга хэмжээ авч ажиллалаа.
Баруун гурван сумын хувьд нийт нутгаар цастай, тал хээрийн бүсдээ цасны зузаан 20-30 см, уулархаг бүс нутгаар 60-70 см орчим зузаан байгаа бөгөөд айл өрхүүд рүү зам хаагдсан хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна. Иймээс дээрх сумдад Улсын Онцгой Комисоос өвс тэжээлийн дэмжлэг болон шатахууны дэмжлэг үзүүллээ.
Мөн Үенч сумын Эрүүл мэндийн төвд Пургон авто машин, сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай суудлын авто машин тус тус шийдвэрлэлээ. Цас зудын эрсдэлтэй энэ цаг үед малчид ард иргэдэд хүрч үйлчлэхэд унаа тэрэгний хэрэгцээ тус суманд нэн тулгамдсан асуудал байсан. Түүнчлэн Цэцэг, Мөст сумдад УОК-оос өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлснийг мөн энэ үеэр хүлээлгэн өгөв.
Одоогийн байдлаар Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндрэлтэй байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг малчид хөдөлмөрчид эртнээс мэдэрч өвлийн бэлтгэлийг дор бүрнээ тодорхой хэмжээнд хангасан нь сайшаалтай. Тухайлбал, малчид өмнөх жилүүдээс илүү хэмжээгээр хадлан тэжээлээ бэлтгэж, малаа тодорхой хэмжээнд зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулсны хүчинд эрсдэлт нөхцөл харьцангуй бага байгааг сумдын Засаг дарга нар онцолж байна.