Шинжлэх ухаанд суурилсан бодлого тодорхойлох үйл явцыг бэхжүүлэх “Монгол орны хотуудад улс, орон нутгийн зэрэглэл, статус олгох, чиг үүрэг тодорхойлох асуудал ба Ховд аймаг, хот үүрэг, оролцоо” сэдэвт оролцогч талуудын хамтарсан уулзалт болов.
Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой дэвшүүлж буй төлөвлөлт, санал, шийдлийг ШУ-ны академи, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон холбогдох орон нутгийн төлөөллүүдэд танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Баруун бүс, Ховд аймагтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдлийн саналуудыг хэлэлцэв. Ховд аймгийн хувьд тэргүүлэх чиглэлүүд нь тээвэр, логистик, худалдааны гол зангилаа хот гэж тодорхойлогдсон байна.
Ийнхүү Ховд хот нь хөгжлийн нөлөөллийн бүсээрээ 23000 км газар нутгийн хүрээнд эргэн тойрны 7 сумын хэмжээнд маш хүчтэй нөлөөлөл таталцлын хүч бүхий орон зай байна гэж судалгаагаар тогтоогджээ.
Уг судалгаа шинжилгээний үр дүнгээр улс, орон нутаг, бүсийн хөгжилд тусгах саналыг танилцуулж, орон нутгийн оролцогч талуудаас санал авлаа.
Мөн Ховд аймаг руу шилжин суурьших үйл явцыг дэмжих эрхзүй, эдийн засаг, хөрөнгө оруулалтын механизмын саналыг тус тус танилцуулсан юм.
Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлттэй холбоотой бодлогын зарим зорилтуудыг хэрэгжүүлэх судалгаа, саналд тусгах зөвлөмж гаргав.