Аймгийн Засаг даргын захирамжаар цэрэг-спортын
“Дөл-2022” цогцолбор тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
Нэгдүгээр шатны шалгаруулалтыг энэ оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэл аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан ба тэмцээнд 24 сургуулийн 2500 гаруй сурагчид өрсөлдсөн.
Үүнээс хоёрдугаар шатны шалгаруулалтад Жаргалант сумын I, III, VI. VII сургууль, Булган сумын Минжит Булган цогцолбор сургууль, Алтай, Буянт, Дөргөн, Дуут, Мөст, Мянгад, Чандмань, Үенч сумдын ахлах сургуулийн 13 багийн 170 гаруй тамирчид тэнцэж 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд аваргын төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Түмэндэмбэрэл нар болон тэмцээнд оролцогч сургуулийн захирал, багш дасгалжуулагч, орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:
“Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Харин энэ жил буюу 30 жилийн дараа аймгийн бүх сумдыг хамруулж байгаагаараа онцлогтой болж байна. Тэмцээнд оролцогчид Монгол Улсын ирээдүйн Батлан хамгаалах салбарын боловсон хүчин болон бэлтгэгдэх үндэс сууриа сайтар бэхжүүлж амжилт гаргахыг уриалж байна” гэлээ.
Баг тамирчид
“Жагсаалын үзүүлэх тоглолт”, “Гардан тулааны үзүүлэх тоглолт”, “Асуулт хариулт”, “Тасгийн захирагчийн тэмцээн”, “Гэрийн даалгавар”, хоёрдугаар шатанд 6 км маршийн гүйлтээр өрсөлдөв.
Тэргүүн байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн Н.Энхбаяр захирагчтай тасаг, дэд байрт Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн О.Тэмүүжин захирагчтай тасаг, гутгаар байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн М.Нямлхагва захирагчтай тасгийн хамт шалгарлаа.