Мянгад суманд барьсан 10МВТ-ын Нарны цахилгааны станцын бүтээн байгуулалтын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар барьсан энэхүү цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авч нээлтийн туузыг өнөөдөр /2022.05.23/ хайчиллаа. Тус арга хэмжээний нээлтэд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон албаны бусад төлөөлөл оролцов.
Тус станц ашиглалтад орсноор эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, жилд 17-22 сая сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангах юм. Мөн ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой гэж мэргэжилтнүүд урьдчилан тооцоолжээ.
“ХОВД НАР” нарны цахилгаан станцыг өнгөрсөн 04 дүгээр сард ашиглалтад оруулж туршилтаар ажиллуулсан. Сар гаруйн хугацаанд 2,4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК-д харьяалагдана. Гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд засвар, үйлчилгээг бүрэн хариуцна гэж албаны төлөөлөл хэллээ.
ВИДЕО: