Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 61 сарын хугацаанд барьж гүйцэтгэнэ



Монгол Улсын Засгийн газар Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцыг барих шийдвэрийг 2018 онд гаргаж байсан. УЦС-ын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын компани, аж ахуйн нэгж хийж гүйцэтгэх ба энэ оны 04 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэлээ.



Тус бүтээн байгуулалтыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тооцоолж байна. Ингэснээр эрчим хүчний хараат байдлаас ангижирна, баруун бүсийн аймгийг эрчим хүчээр бүрэн хангана. Мөн төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдэж үнэ тогтворжих зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

 
УЦС-ыг барихтай холбогдуулан энэ орчимд нутаглаж буй малчид, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс эхлээд багагүй бэрхшээл тулгарч байгаа юм. Тодруулбал, Үнэлгээний компаниудын гаргасан дүгнэлтээр Увс аймгийн Өмнөговь сум болон Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нийт 270-аад айл өрхийн 1200 гаруй иргэн төслийн нөлөөлөлд өртөж байгаа нь учирч буй нэг бэрхшээл. 



Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг Шижигтийн хавцалд очиж байгалийн тогтоц, зургийн дагуу хаана ямар бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаатай биечлэн танилцлаа. Мөн тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого зорилтын талаар тухайн иргэдэд танилцуулж ажиллав. Улмаар Эрдэнэбүрэн, Мянгад сумын малчдын төлөөлөл, иргэдтэй уулзалт хийж төслийн талаар мэдээлэл хийн иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 


Салбарын сайдыг аймгийн ХХАА, дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан дагалдан ажиллалаа. Тэрбээр уулзалтын үеэр хөгжлийн чухал ач холбогдол бүхий их бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж хамтран ажиллана. Гэхдээ аль болох иргэдийнхээ санал хүсэлтийг хүндэтгэн шийдвэрлүүлэх, ажлын байраар хангах, хоол хүнс, ажлын хувцсыг орон нутгийн үйлдвэрлэгчдээс нийлүүлэх зэрэг шаардлагыг төслийн гүйцэтгэгчид тавьж ажиллана гэдгээ илэрхийллээ.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ