2021 оны 07 дугаар сарын 10-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 522 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 82-оор нэмэгдэж нийт 1593 боллоо.
Тодруулбал, Дөргөн сумаас 3, Буянт сумаас 2, Манхан сумаас 6, Эрдэнэбүрэн сумаас 1, Булган сумаас 4, Зэрэг сумаас 2, Ховд сумаас 1, Улаанбатар хотоос ирж байсан 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 61 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Тахилт багт оршин суух 16,
-Магсаржав багт оршин суух 8,
-Бугат багт оршин суух 4,
-Баатархайрхан багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 10,
-Наран багт оршин суух 4,
-Буянт багт оршин суух 5,
-Рашаант багт оршин суух 2,
-Бичигт багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 4,
-Хайрхан багт оршин суух 1,
-Алагтолгой багт оршин суух 3 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.11/ байдлаар 215 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 35 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-31, хүндэвтэр-47 бусад нь хөнгөн.
Ховд их сургуулийн “Тусгаарлах эмнэлэг”-т 20, “Мөнх цохилохуй” эмнэлэгт 9, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 157 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл Жаргалант суманд 275, сумдад 38 нийт /313/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 36 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 875 нь эдгэрлээ. Харин Манхан сумын харьяат, Зэрэг сумын Гүвээ багийн иргэн О. 48 настай, эмэгтэй. Коронавирусний халдвар, хавсарсан архаг өвчний хүндрэлээр 07 сарын 10-ны 20:30 цагт нас барсан байна. Иргэн О нь 07 сарын 07-нд эмнэлэгт хэвтэхээр Манхан сумаас Ховд аймагт ирсэн. 07 сарын 08-нд коронавирусний шинжилгээ өгч батлагдсан учир 09-ний 20:27 цагт Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн, эмчлүүлж байжээ. Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн /2021.07.11-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3348 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-182 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"