Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ оны дөрөвдүгээр сарын 13, 14-нд Чандмань суманд ажиллаж байна. Энэ сарын 09-ны өдөр Чандмань сумын Жаргалант багийн малчин Д.Мягмарын хотонд ихэр ботго мэндэлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг тус малчны гэрт зочилж, хүндэтгэл үзүүллээ.
Чандмань сумын нутагт хаваржилт сайхан болж, малчид мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж байна. Одоогоор төл бойжилт сайн байгаа талаар нутгийн малчид онцоллоо. Мөн зарим малчны хотонд мал ихэрлэх нь элбэг байгаа аж. Тодруулбал, Чандмань сумын Жаргалант багийн малчин Б.Галбадрахын хотонд дөрвөн ихэр ишиг мэндэлжээ. Тус малчны хотонд энэ хавар 100 орчим ямаа төллөх юм. Одоогийн байдлаар 20 гаруй ямаа нь ихэрлэсэн гэнэ.