Баруун Монголын утга соёл, хэл аялгуу, аман зохиолын судалгааны үнэт өвийг бүрдүүлж, хэл шинжлэлийн ухаанд бодит хувь нэмэр оруулсан ХОИС-ийн багш, доктор, профессор Б.Даваадоржийг Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 108 жилийн ойг тохиолдуулан шинэ оны босгон дээр
“Монгол Улсын гавьяат багш” цол тэмдгээр шагнасан.
Түүнийг өнөөдөр /2020.01.31/ нутагтаа ирэхэд нь салбарын хамт олон, гэр бүл, төрөл төрөгсөд нь хүндэтгэн хүлээн авлаа. Дараагаар нь аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзан, төр улсдаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Гавьяат багш” хэмээх эрхэм алдрын эзэн болсонд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Б.Даваадорж гуай нь Улсад нийтдээ 50 жил ажилласан. 1985 оноос эхлэн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх,залуу судлаачдыг хөгжүүлэх, өсвөр үеийг сургаж хүмүүжүүлэх үйлсэд шамдаж, өдгөө 35 дахь жилдээ Ховд Их Сургуульд багшилж байна.
Тэрбээр тус сургуулиас төрөн гарсан 9 дэх гавьяат бөгөөд Ховд Их Сургуулийг төгсөгчдийн дундаас төрж буй
“Анхны гавьяат багш” гэдгээрээ онцлогтой болохыг түүний хамт олон хэлж байна.