Швейцарын ЭСЯ-ны Хамтын ажиллагааны захирал Франциска Фрайбургхаус Ховд аймагт ажиллаж байна



Швейцарын ЭСЯ-ны Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консулыг түр орлон гүйцэтгэгч  Франциска Фрайбургхаусаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 8-10-нд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд орон нутагт  хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар “Тогтвортой амьжиргаа-3” төслийн зүгээс орон нутагт хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар орон нутгийн зохицуулагч Ж.Батсайхан танилцууллаа.



Тодруулбал, Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь Худалдан авах ажиллагааны А3 сургалтад 2017 онд 58 иргэн, 2019 онд 108 иргэнийг хамруулсан. Үүнд  Швейцарын хөгжлийн агентлагаас нийт  31 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх модул 1,2 сургалт, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах, сумдад урамшуулал олгох зэрэг нэлээд ажилд Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа талаар албаныхан хэлсэн үгэндээ онцоллоо.


Швейцарын хөгжлийн агентлаг нь 2002 оноос эхлэн Монгол Улсад, 2004 оноос Ховд аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хамтын ажиллагааны 15 жилийн хугацаанд Цөлжилтийг сааруулах төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малын эрүүл мэнд, түүхий эдийн мөшгөх тогтолцооны төсөл, Хариуцлагатай уул уурхай, дулааны алдагдал бууруулах төсөл зэрэг 30 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн одоогоор 17 төслийг  хамтран хэрэгжүүлж байна. Швейцарын хөгжлийн агентлаг нь цаашид  орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хандлагыг өөрчлөх, багш нарыг чадваржуулах, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг дэмжих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна гэж уулзалтын үеэр хэллээ. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ