Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болов



Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар тэргүүлж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудын удирдлага, БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөл болон хоёр талын холбогдох албан тушаалтнууд оролцов. 2007 онд байгуулснаас хойш хуралдаагүй байсан энэхүү механизмыг 12 жилийн дараа ийнхүү сэргээж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлж энэхүү механизмаар дамжуулан Монгол Улс болон ШУӨЗО, яланугуяа Монгол Улсын баруун бүсийн 5 аймаг болон ШУӨЗО-ны хооронд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүлэх илүү их боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид энэхүү механизмын үйл ажиллагааг тогмолжуулж хоёр жилд нэг удаа харилцан зохион байгуулахаар тохиров.



Энэ удаагийн хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон асуудлаар тохиролцоонд хүрэв. Тухайлбал, хоёр талын холбогдох боомтын ачаа тээвэр, зорчигч хилээр нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж, энэ хүрээнд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшуулж, боомтын менежментийн ажлын уулзалтын механизмыг байгуулж, боомт дээр үүссэн асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж шийдвэрлэж байхаар тохиролцов. Хоёр талын хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр тал экспо, үзэсгэлэн тогтмол зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд Хч ятад руу гаргах талаар талууд санал солилцов. Талууд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажилагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Энэ хүрээнд их дээд болон тусгай мэргэжлийн сургуулиуд хооронд хамтын ажиллагаа тогтоох, мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх техникийн хамтын ажиллагааны судалгааг урагшлуулах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов. “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд ШУӨЗО чухал үүрэгтэйг монголын талаас онцлоод энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын авто машины тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлаар протокол үйлдэж Монгол Улсын ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ШУӨЗО-ны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар гарын үсэг зурав.



                                                                                                                                                                                                                                          Эх сурвалж:Гадаад харилцааны яам 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ