Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл танилцуулав



Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, иргэд, олон нийтийн санал авч байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд орон нутгийнхаа иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад орон нутгийн удирдах ажилтан, төрийн албан хаагч болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 500 гаруй хүн оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ нээлттэй илэрхийлэв.
Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнд шинээр тусгасан заалтын талаар УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа нар дэлгэрэнгүй танилцуулсан юм.



Энэ төсөл нь УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдал, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй аж. Үүнд, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах, УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулах, УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах, шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, албан томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох зэрэг заалт тусгасан байна. Эдгээр заалтын заримтай нь уулзалтад оролцсон иргэд санал нийлж байлаа. Мөн нутгийн удирдлагын тухай хуультай болох, намын тогтолцоо, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, энэ хуульд олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагын үүрэг, оролцоог тодотгох, газрын баялгийг төрийн мэдэлд биш, харин ард түмний мэдэлд байлгах ёстой гэсэн заалтыг хуульд  оруулах  зэрэг  санал уламжлав. 
2010 оноос эхлэн УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоон удаа идэвхийлэн тавьж байсан ч хараахан хэлэлцэгдэлгүй өдийг хүрсэн. Харин одоо цаг үе, нийгмийн шаардлагаар эцэг хууль буюу үндсэн хуулиа илүү хүчирхэг болгох зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх нийтээрээ хэлэлцвэл хийдэлгүй хүчтэй хууль батлагдах боломжтой гэж албаныхан онцоллоо.  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ