Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа



Ховд аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаан боллоо. Тус хуралдааны хүрээнд Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого болон цаг үеийн асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор зургаан асуудал хэлэлцэн баталлаа. Тухайлбал, аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” илтгэл танилцуулав. Ингэснээр 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 315786,9 га газрыг нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.  
Ховд аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд 2025 он гэхэд иргэдийн 50 хувьд газар өмчлүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг. Тэгвэл одоогийн байдлаар Ховд аймгийн нийт иргэдийн 14.5 хувь,  өрхийн 55 хувь нь газар өмчилсөн байна. Энэ нь улсын дунджаас доогуур үзүүлэлт юм.
Тиймээс цаашид энэ үзүүлэлтийг сайжруулах, төрийн үйлчилгээг  ил  тод, нээлттэй хүргэх зорилгоор 746 иргэнд 58.5 га,  үүнээс Жаргалант сумын 540 иргэнд гэр бүлийн хэрэгцээний 56 га газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөжээ.  



Мөн аймгийн Засаг даргын нөөц  245 га газраас “Шинэ ховд” хөтөлбөрийн хүрээнд 20.7 га газарт чанартай, хямд үнийн сонголттой 52 айлын 23 орон сууц, 400 өрхийн хаус хороолол барихаар төлөвлөв. Үүнээс гадна өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Үйлдвэр технологийн парк байгуулах, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүлэмжийн ба хөдөө аж ахуйн цогцолбор барих зэрэг Ховд аймгийн ирээдүйн хөгжил дэвшлийг тодорхойлох үйлдвэр, үйлчилгээний газрын талбайн хэмжээг энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр тусгажээ. Мөн Алтай, Ховд суманд долоон байршилд бичил уурхайн зориулалтаар 15.3 га газрыг  тусгай хэрэгцээнд авахаар болов.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ