Эх үрсийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас "Иргэн тѳвтэй тѳрийн үйлчилгээ" зорилтын хүрээнд Жаргалант сумын Бичигт багийн иргэн ѳрх толгойлон амьдардаг иргэн Д.Ууганцэцэгт хашааны газар олгож гэрчилгээг гардууллаа.
Жирийн нэгэн ѳрх толгойлж амьдардаг энэ иргэнд ДЗОУБ, Жаргалант сум, Зэвсэгт хүчний 123-р анги зэрэг байгууллага дэмжиж тусалжээ. Аймгийн ЗДТГ ын дарга Д.Энхболд иргэн Д.Ууганцэцэг, түүний хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон Д.Ууганцэцэг 2008 онд Мөст сумаас аймгийн төвд ирж айлын хашаанд амьдарч байсан. Түүний хүү Д.Пүрэвбаяр Политехник коллежид гагнуурчны мэргэжлээр сурдаг, охин Д.Энэрэл Насан туршийн боловсрол төвд сурдаг. Тэрбээр нийтийг хамарсан хот тохилтын ажилд оролцож ажил амьдралаа залгуулдаг байна.
Ховд аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын дарга Б.Баярсүх ярихдаа: ”Бид газар өмчлөх талаар мэдээлэлгүй, өргөдөл гомдлл хаана хандаж өгөх аргаа олдоггүй зарим нэг амьдралын баталгаажих түвшингээс доогуур өрх толгойлж амьдардаг иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилгоор энэхүү ажлыг зохон байгуулж байгаа” гэв.
Харин тус хашаа барьсан газарт байсан олон жилийн хур хогыг "Төгс уян шил" ХХХ, "Богочконстракшн" ХХК хамтарч цэвэрлэн нийт 160 машин ачиж зайлуулан чамгүй их зардал гаргасан бол Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хамт олон модон хашааг нь барьж өгчээ. Олон хүн, байгууллагын дэмжлэгээр өрх толгойлон амьдардаг жирийн нэгэн ээж ѳѳрийн гэсэн хашаатай, ѳмчлѳх газартай болсондоо баяртай байгаагаа хэлж, хашаандаа хүлэмж байгуулж хүнсний ногоо тарина гэлээ.