Төр захиргааны ахмад ажилтан Д.Баттулга “Баянбулаг” зуслан, амралтын газрын захирлаар ажиллаж байсан. Тухайн он жилүүдийнхээ тухай ”Хөх сэрх уулсын хормойд хүүхдүүдтэй өнгөрүүлсэн он жилүүд” сэдэвт ном туурвиж, шинэ номын нээлтийг тавдугаар сарын 31-нд Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Тус номын нээлтэд аймгийн ГБХЗХГ-ын хамт олон, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, Нийтийн номын сан, Баянбулаг зусланд ажиллаж байсан ахмад ажилтнуудын төлөөлөл Х.Цогтоо, Т.Отгонбаяр, Д.Баатар, З.Кавитэй,Д.Цагааннохой нар оролцсон юм.
Одоогоос 40 жилийн тэртээ 1982-1983 онд орон даяар “Сурагчийн жил” аян зарлаж, төр засгаас бодлогын шинжтэй олон шийдвэр гаргаж байсан. Үүний үр дүнд 1982 онд Баянбулаг зуслан ашиглалтад орсон байна. Тус зуслан нэг ээлжинд 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд “Хөх сэрх” уулын хормой, Буянт голын хөвөөнд байрладаг. Хүүхдүүдийг эрүүл чийрэг, зөв төлөвшилтэй иргэн болгон хүмүүжүүлэхэд үнэлж баршгүй, ирээдүйн сайн сайхны төлөө томоохон хөрөнгө оруулалт хийж байсан талаар зохиогч номынхоо оршилд дурьджээ. Түүний номонд Баянбулаг зусланг дэмжиж ирсэн үе үеийн төрийн зүтгэлтнүүд, тус зусланд ажилаж, амьдарч байсан үе үеийн ажилтнуудын дурсамж, сэтгэгдэл, гэрэл зургийн сонирхолтой агшинг нягт нямбай тусгажээ. Уг номыг бүтээхэд Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлаг,Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын дарга Ц.Ганчимэг тусалж дэмжсэн байна.