Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Дараагаар нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутагт тулгамдаж буй зарим асуудал, хийх хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцуулан дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн иргэд, хөдөлмөрчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун бүсийн хэрэгцээг хангах Ховд Эко цементийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэн ажиллаж байгаад талархлаа илэрхийлээд Ховд хотын дулааны шугам сүлжээг шинэчлэх, Музей, ХДТ-ыг шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж У.Хүрэлсүхийн Засгийн газраас алслагдсан бүс нутагт ажлын байр нэмэгдүүлэх замаар ард иргэдийн амьжиргааг дэмжсэн олон чухал хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаад талархаж байна. Хөгжил дэвшлийн төлөө улстөржихгүй, хамтарч ажиллах нь чухал гээд Сархайрхан чиглэлийн дутуу үлдсэн 20 км хатуу хучилттай авто замын барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх: 250 хүнийг байнгын ажлын байраар хангаж, жилдээ 300 000 тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр Ховд аймагт байгуулагдаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нэг томоохон ажил. Цементийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦСтанцын төсөл, бүтээн байгуулалтыг дагаад Ховд аймаг төдийгүй баруун бүс, орон нутгийн хөгжил дэвшил, нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд бодит дэвшил гарна гэдгийг онцоллоо. Улмаар ирэх оны төсөвт суулган Жаргалант сумын 9-р цэцэрлэгийг шинэ байртай болгохоор шийдвэрлэлээ. Харин УИХ-ын гишүүдийн болон иргэдээс гаргасан санал хүсэлтийг судалж эргэн хариу өгөхөө илэрхийллээ.
ВИДЕО: