“Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хууль, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хууль, Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", Төрөөс Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөр, Ногоон хөгжлийн хөтөлбөр /2016-2026/, Ховд аймгийн хөгжлийн стратеги /2015-2025 он/, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлбөрийг боловсруулан 2019–2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан
“ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлбөрт тусгах санал авах хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын өрөөнд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл 20 гаруй хүн оролцов. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, аймгийн ХХААГ-ын Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэдорж нар тус хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагаа болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, сайн туршлага, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, санал солилцов.
Мөн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих
“ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлбөрт иргэдийг саналаа өгөхийг уриалж байна.
Н.Лхагва