Ховд аймгаас Шургийн гол хүртэлх 56.6 км авто замын хажуу налууг зүлэгжүүлэв

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, "Ор Ѳнѳ Үүжин" ХХК хамтран ”Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам буюу Ховд аймгаас Шургийн гол хүртэлх 56.6 км авто замын хажуу налууг зүлэгжүүлэх үр тариалалтын ажлыг энэ оны 05 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэв. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хажуу налууг зүлэгжүүлэх, хөрс бэхжүүлэх ажлыг Монгол улсад анх удаа хийж байгаа бөгөөд олон наст ургамал болох согоовор, хүцэнгэ, судан, хошоон зэрэг ургамлын үр тариалалтыг 100 хувь хийж, хөрсний зүлэг ногоо ургалт 40 хувьтай явагдаж байна. Авто замын хажуу налуу хөрсөнд тарьсан ургамлын үр нь байгаль орчин, мал, амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг мэргэжилтнүүд онцлон хэллээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мөн хоёр буюу түүнээс дээш настай үр сонгож, авто замын хажуу налууг ургамалжуулах хэлбэрээс хамааруулан 3-аас дээш метртэй гадаргууд ургамлын үрийг мөрлөх буюу үечлэн тарьж, 3-аас доош метртэй гадаргууд үр цацах арга ашиглан тариалалт хийжээ. Энэхүү ажлыг "Ор Ѳнө Үүжин" ХХК –ний 50 ажилтан хийж гүйцэтгэснээс 97 хувь нь орон нутгийн иргэд, холбогдох мэргэжилтнүүд байжээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хажуу налууг зүлэгжүүлэх ажлын зорилго нь далан ба ухмалын налуу, ус зайлуулах шуудууны огцом хэмжээ, газар орны байгаль-цаг уур, гидрологи, геологийн нөхцөл, хөрсний шинж чанар зэрэг хүчин зүйлүүдийг тооцон тэдгээрийн гадаргууд өвс, ургамлын давхарга бий болгох замаар тогтвортой байдлыг нь хангаж, бэхжүүлэх, нуралт, хур тунадасны усанд угаагдах үзэгдлийг таслан зогсооход чиглэж байна. Ховд аймгаас Шургийн гол хүртэлх авто замын хөрсийг бэхжүүлж, хөрсний эвдрэлээс хамгаалах зориулалтын зүлэгжүүлэлт хийснээр замын дагуу эрэг, ганга үүсэх, хөрсний угаагдал, элсний нүүдэл, хөрсний гулсалтыг зогсоох ач холбогдолтой болохыг салбарынхан онцлов.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.


Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ