Олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор
“Цайны зам өв соёлын наадам”-ыг есдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд Ховд аймгийн төв, Манхан сумын Гурван Сэнхэрийн агуйд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан “Цайны зам өв соёлын наадам” зохион байгуулах комисс наймдугаар сарын 28-ны өдөр хуралдав. Хурлын хүрээнд наадмын зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, бэлтгэл ажлын явц, сум, байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ. Хурлын үр дүнд “Цайны зам өв соёлын наадам” зохион байгуулах комиссын гишүүдээс гаргасан саналуудыг төлөвлөгөөнд тусгаж, үйл ажиллагааны зардлын төсвийг нэгтгэн гаргаж, дараагийн хурлаар авч хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
“Цайны зам өв соёлын наадам”-ын хүрээнд Буянт сумын соёлын өдөр, Бэсрэг наадам, “Тэмээн жин” арга хэмжээ, “Адуучин” тэмцээн, Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аялал, Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван маршрутын дагуу ойрын зайн аялал хийх, "Соёлын биет бус өвийн бусад зүйлтэй хөөмийлөх урлагийн харилцан хамаарлын шинжлэх ухааны үндэс" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн V наадам, Тууль, цуур, бий биелгээ, хөөмий, уран нугаралтын үзүүлбэр тоглолт, Угсаатны цай чанах, патентжуулах арга хэмжээ, “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал, Гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн болон дуудлага худалдаа, Уран нугаралтын бэсрэг наадам, Ховд сумын Казак үндэстний соёлын өдөр, Булган сумын торгууд, хошууд угсаатны соёлын өдөр зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.