Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хүн, малын гоц халдварт
“Боом” өвчин гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А|530 дугаар тушаалаар тус суманд сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн 2018-2019 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулж, хичээлийн жилийн эхлэх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл түр хугацаанд хойшлууллаа.
Мөн энэ хугацааны хичээл, сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэг, сургуулийн орчин, анги танхимыг халдваргүйжүүлэх, ариутгал хийх, багш, суралцагчийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон өмчийн бүх хэлбэрийн сургууль, цэцэрлэгийн дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.