Азийн хөгжлийн банк нь МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран
“Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг 10 жилийн хугацаанд олон шатлалт зээлийн шугамаар хэрэгжүүлэхээр болж, Увс, Баян-Өлгий, Ховд, Дорнод аймагт төслийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, хөдөөгийн болон бизнесийн хөгжлийн талаар судлах, орон нутгийн салбар бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн баг энэ оны 08 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Төслийн багийнхан өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, тодорхой саналуудыг уламжлав.
Тухайлбал, орон нутгийн хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо хангах зорилгоор сумдын услалтын системийг сэргээн засварлах, өргөтгөх шаардлагатай. Мөн сумдын халаалт, дулааны шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэж, төвлөрсөн дулааны станцад холбох ажил чухал болохыг онцлон хэллээ.
Азийн хөгжлийн банкны
“Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн баг нь 12 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран
“Хот байгуулалт, дэд бүтэц, орон сууц, байгаль орчны салбар”, “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, төсөв санхүүгийн салбар”, “Хөдөөгийн хөгжил” уулзалт, “Бизнесийн хөгжил” уулзалт гэсэн 4 чиглэлээр салбар уулзалтуудыг зохион байгуулж байна.