Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И тэргүүтэй зочид, төлөөлөгчид, Баруун бүсэд хүрэлцэн ирж баруун таван аймгийн Засаг дарга нар оролцсон албан ёсны уулзалтыг Увс аймагт зохион байгуулав.
Айлчлалын хүрээнд 2 тал албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дараах саналуудыг дэвшүүлжээ. Үүнд: Мах болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Хил залгаа аймаг, орон нутгийн түвшинд бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг жилдээ 1-2 удаа тогтмол зохион байгуулах, Хил дээр байгаа хүнд суртлыг хөнгөвчлөх, Харилцан соёл, боловсрол эзэмших, оюутан сургах хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг саналыг дэвшүүллээ.
Харин БНХАУ-ын талаас дараах мэдээллүүдийг өглөө. Үүнд:
Монголын баруун таван аймаг болон Хятадын тал эдийн засгийн хувьд бие биеэ нөхөх давуу талтай байна. Түүний дотор эрчим хүч, хөдөө аж ахуйн тал дээр цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой. Өнөөдрийн бидний хамтын ажиллагаа бидний хүссэн түвшингээс харьцангуй зайтай байна гэж бид үзэж байна. Тиймээс хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана гэв. Мөн баруун бүсийн дэд бүтцийг сайжруулах, баруун аймгуудад байгаа боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, Хилийн бүс дээр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргах, хоёр тал харилцан сурч боловсрох, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэг асуудлуудыг дэмжиж ажиллана гэдгийг хэлжээ. Түүнчлэн БНХАУ-ын үхэр, хонины махны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учир баруун аймгуудаас мах авахыг бид хүсэж байна. Гэхдээ энэ санал өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь шүлхий өвчин юм. Тиймээс шүлхий өвчин байхгүй газрыг тогтоож, чанар, стандартын шаардлага хангасан газраас мах авахыг зорьж байгаа гэдгийг онцлон хэлсэн байна.
Энэхүү уулзалтаар Баруун таван аймагт буцалтгүй тусламж болгож БНХАУ-ын Засгийн газраас 5 сая юанын тусламж үзүүлхээр болж, Ховд аймагт 1 сая юанын буюу 361 сая төгрөгийн тусламжийг Элчин сайдын Яамаар дамжуулан үзүүлэхээр боллоо. Уг тусламжийг аймгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийн эрүүл мэнд, боловсролын төлөө зарцуулахыг аймгийн Засаг дарга мэдэгдсэн байна.