Аймгийн Онцгой комиссын хурлаар "Шигшмэл хурд"-2018 уралдааныг зохион явуулахгүй байх шийдвэр гаргалаа


Аймгийн Онцгой комиссын хурлыг өнөөдөр буюу 08-р сарын 21-ний орой 19 цагт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх даргалан хуралдуулсан бөгөөд энэхүү хуралдаанаар Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт "БООМ" өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тухайн сумдын дарга нарын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэв.



Мөн 2018 оны 08-р сарын 22-23 ны өдрүүдэд зохион байгуулагдах "ШИГШМЭЛ ХУРД-2018" хурдан морины уралдааныг зохион явуулах эсэх талаар авч хэлэлцлээ. Улмаар малын гоц халдварт "БООМ" өвчин гарсантай холбогдуулан хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Б.Батзаяа, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон, Буянт сумын Засаг дарга М.Пүрэв нарт даалгалаа. Буянт, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт хүн малын гоц халдварт "Боом" өвчин гарсантай холбогдуулан дээрх сумдын Засаг дарга нар нутаг дэвсгэртээ хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжаа гаргасан учраас хорио цээр, хязгаарлалтын дэглэм дуусах хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хүн, малын бөөгнөрөл бий болгохгүй арга хэмжээг авч ажиллахыг тухайн сумдын Засаг дарга нарт аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт үүрэг болголоо.    



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ