Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг, Буянт бага голын эрэг ойн бүсийн дээд эхэнд аймгийн төвөөс баруун хойд зүгт 4 километр зайд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр боом өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэний дагуу Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож Аймгийн Онцгой комисс, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Жаргалант сум, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Зооноз өвчин судлалын төвтэй хамтран нийт 5 хяналтын постонд мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралтаар ахлуусан ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 19-21-ны хооронд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт боом өвчний хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцаж, Гамшгаас хамгаалах хууль, Хүн, малын эрүүл мэндийн тухай хуулийг хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Онцгой комисс-д 8-н заалт бүхий үүрэг чиглэл зөвлөмжийг хүргүүллээ.
Үүнд:
1. Жаргалант сумын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт боом өвчинөөс урьдчилан сэргийлэх, хяналтын постуудын үйл ажиллагаа, хяналт шалгалтыг сайжруулах.
2. Ховд хотруу хяналтгүй орж байгаа замуудад хаалт хийх.
/Шинэ дулааны дээд талын замын хажуу хэсэгт/
3. Ховд хотын ойр орчим болон голомтын бүс нутгаар хяналтгүй бэлчиж байгаа малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, Жаргалант сумын малчин өрхүүдэд анхааруулага, сэрэмжлүүлэг өгөх.
4. Ховд хотын үерийн ус зайлуулах даланд түр гүүр байрлуулсан үйл ажиллагаанд хяналт тавих, улсын хяналтын байцаагч нарыг ажиллуулах.
5. Постуудад ариутгал хийх зориулалтаар ашиглаж байгаа эсгийг шаардлага хангасан том эсгий байрлуулах, ариутгал халдваргүйжилтын үйл ажиллагаа чанаржуулах.
6. Малын гоц халдварт боом өвчний голомтын бүс болох Жаргалант сумын Буянт багийн нутаг ойн бүсийн дээд эх, төв цэнгэлдэхийн орчимд ариутгал халдваргүйжилтыг хийх арга хэмжээг зохион байгуулах.
7. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгохыг хориглосон захирамж гаргаж хэрэгжүүлэх.
8. Постуудад үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн ангийн алба хаагчдыг албаны хувцастай ажиллуулах үүрэг чиглэл болголоо.
Үүргийн дагуу зохион байгуулсан ажлын дүнг 2018 оны 08 дугаар сарын 28-ны дотор албан ёсны хариу ирүүлэхийг үүрэг болгов.