Орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, хяналтыг сайжруулах, хамгаалах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дарви, Манхан, Мянгад сумдад байгуулж буй авто замын хяналтын байнгын постын барилгын ажлыг
“Баруун жонон” ХХК хийж гүйцэтгэж байна.
ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвийн барилгын хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвийн барилгын хяналтын тасгийн инженер Ц.Энхтөр, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа болон орон нутгийн барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг энэ оны 08 дугаар сарын 17-ний өдөр Дарви, Манхан, Мянгад сумдад ажиллаж, авто замын хяналтын постын барилгын ажлын явцын гүйцэтгэлтэй танилцав.
Энэ онд Цагдаагийн ерөнхий газраас 18 аймагт 27 пост шинээр байгуулж байгаа бөгөөд түүний 3 пост нь Ховд аймагт ашиглалтад орж байна. Эдгээр хяналтын пост нь ажлын байр, алба хаагч нарын амрах өрөө, гал тогооны хэсэг, автомашины дулаан гражтай, хатуу түлш болон цахилгаанаар халдаг орчин үеийн жишигт нийцсэнээрээ онцлог ажээ. Орон нутгийн авто замын хяналтын байнгын постууд ашиглалтад орсноор гэмт хэрэг, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн холбогдох мэргэжилтнүүд онцолж байв.
Н.Лхагва