Олон Улсын Тахь Групп нь Монгол улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын
“Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор Монголд
“Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
"Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах ажээ. Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний
"CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирэх юм.
Олон Улсын Тахь Групп нь 2011 оноос хойш нийт 28 тахийг эх нутагт нь тээвэрлэж, нутагшуулсан бөгөөд одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг болон орчны бүсэд 230 орчим тахь нутагшиж байна.
Энэ удаагийн тахь нутагшуулах үйл ажиллагаанд оролцохоор Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүлээн авч уулзав.
Н.Лхагва