Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/ нь Норад буюу Норвегийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2008 оноос хойш баруун бүс нутаг руу чиглэсэн эрүүл мэнд болон хүүхдийн эрхийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тэгвэл 2018-2019 онд
“Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг дэмжих” бэлтгэл төслийг Ховд болон Баян –Өлгий аймагт шинээр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Биорн Сорхус нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг дэмжих” төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралын нөхцөлийг сайжруулах, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалахад чиглэж байна. Төслийн анхдагч зорилтот бүлэг нь Ховд, Баян-Өлгий аймагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Хоёрдогч зорилтот бүлэг нь төслийн үндсэн зорилтот бүлэгт эерэг, тогтвортой үр дүн гаргахад нөлөөлөхүйц хүмүүс болох Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо юм.
Төслийн гол хамтрагч байгууллага нь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг эхийн Холбоо, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харъяа байгууллагууд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс юм. Харин бусад хамтрагч байгууллагаар Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн Холбоо, аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаж байна.
Төслийн үр дүнд Баян-Өлгий, Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлийн нөхцөл байдлын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон бусад яамд, аймгийн Эрүүл мэнд, Боловсролын салбар байгууллагууд, аймгийн Засаг дарга нар, орон нутгийн ТББ-ууд бүрэн мэдлэг, ойлголттой болох, Норвегийн тусламжийн байгууллага нь орон нутгийн байгууллага, удирдлагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, урт хугацааны төслийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын нөхцөлийг тусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой гэдгийг талууд онцлон хэллээ.