Дуут сумын хувьд энэ он амжилт бүтээл арвинтай жил байж Монгол улсын аварга малчин нэгээр нэмэгдэж дөрвөн
"Улсын аварга малчин"-тай боллоо. Тухайлбал:
"Улсын аварга малчин"-аар Хөх бэлчир багийн малчин Магсарын Батхүү тодорч шагналаа гардан авлаа. М.Батхүүгийн
"Улсын аварга малчин"-ы шагналыг УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймаг орон нутгийн бусад удирдлагууд гэрт нь очин гардуулан өгч баяр хүргэлээ.
М.Батхүүгийн хувьд 2000 гаруй малтай бөгөөд эдгээрийн дийлэнх хувийг хонь, сарлаг эзэлдэг байна. Аваргын хотонд өнөтэй сайхан өвөл болж байгааг харуулах зүйл бол өвөлжилтийн бэлтгэл базаасан байдал, малын хот, хашаа хорооны эмх цэгцээс тодхон харагдаж байв. Аварга малчин М.Батхүүгийн зүгээс төрийн өндөр, нэр хүндтэй шагнал хүлээн авч байгаадаа талархаж байгаагаа илэрхийлээд малчин хүнийхээ хувьд залгамж халаагаа үлдээхээр ганц хүүгээ малчин болгож буйгаа онцолж байлаа.
Өндөр уулсын сүр хүч, өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн нутаг усандаа үе дамжин малч удмаа хадгалж яваа М.Батхүү нь хонь голдуу өсгөж, уулсын сүр хүч болсон сарлаг малаа маллаж яваа нь малчин хүний бас нэг хашир туршлагын нэг юм. Тэрээр мал маллах хугацаандаа мал сүргээ таван төрөлд нь өсгөөд зогсохгүй 6 хүнийг малжуулан амьдрал ахуйд нь тус дэм болж явна. Мөн сум орон нутгийн эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байдаг тухай салбарын төлөөллүүд онцолж, талархаж явдагаа илэрхийлж байв.