“Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор
“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярыг 2-р сарын 24-25 ны өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын
“Төмөртийн тохой”-д зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож, өнөөдөр анхны уулзалт хурлаа хийв.
Хурлын үеэр
“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярыг зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах, сумдад хүргэх үүрэг чиглэлүүдийн талаар тус тус хэлэлцсэн байна. Мөн ажлын хэсгийнхэн тус баярт оролцогчдод зориулж мөсөн хотхон, гурван сэнхэрийн агуйн макет хийхээс гадна мөсний баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан урлагийн тоглолт, төрөл бүрийн үйлчилгээг явуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Морин чарга поркат, фото зургийн үзэсгэлэн, чарга цана, тэшүүрийн поркат, морь тэмээгээр үйлчлэх үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран хийхээр болов. Мөн Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн угсаатны бүлгүүдийн урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрүүдийг толилуулах юм.
“Мөнгөлөг шагшуурга" мөсний баярыг анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбараас санаачлан нутгийн иргэд, төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж байсан. Тэгвэл тус баяр нь өргөжин тэлж байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан баруун бүсийн хэмжээний томоохон мөсний наадам болтлоо хөгжиж байгаа учраас ийнхүү 2 жил тутамд зохион байгуулж байна.