Сум орон нутгийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн нөөцтэй газар дээр нь танилцах зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг 01-р сарын 21-ний өдөр Зэрэг суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нар болон Ховд телевизийн зураглаач С.Хашхүү, Ховдын мэдээ сонины сэтгүүлч Н.Лхагва нар багтан ажилласан байна.
Ажлын хэсгийнхэн Зэрэг сумын Эхэн, Бураа, Бургасан, Гүвээ багуудын 10 орчим малчидтай уулзаж, багуудын мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай танилцан
“Малчиддаа тусалъя” аяны хүрээнд цугларсан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэргийг гардуулан өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Зэрэг сум нийт 196071 толгой малтай бөгөөд өөр аймаг, суманд 23354 толгой мал өвөлжиж байна. Сумын нийт нутгаар 10-15 см зузаан цасан бүрхүүлтэй, агаарын температур өдөртөө хасах 23-25 хэм, шөнөдөө 38-40 хэм хүйтэрч байна. 01-р сарын 17-ны өдрийн байдлаар тус суманд нийт 975 мал хорогдсон мэдээтэй байна. Зэрэг сумын хувьд энэ жил 3514 тн хадлан, 303.4 тн гар тэжээл, 327 тн хужир шүүг тус тус бэлтгэж, дотоодын махны үйлдвэрүүдтэй мал, мах нийлүүлэх гэрээ байгуулан 60.0 мянга орчим толгой малын борлуулалт хийжээ.
Ажлын хэсгийнхэн Зэрэг сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилтийн ерөнхий төлөв байдлын талаар, ажлын хэсгийн гишүүд сум орон нутгийн өвөлжилт, хаваржилтын төлөв байдал болон Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр ноосны урамшуулалд малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох тухай, сум орон нутгийн хэмжээнд тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, төсвийн талаар тус тус мэдээлэл хүргэж, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонслоо.
Мөн Зэрэг сумын 30 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг нэгдсэн дулаанаар хангаж буй
“Тээлийн илч” ОНӨТҮГ-ын уурын зуухны үйл ажиллагаатай танилцлаа.
"Тээлийн илч" ОНӨТҮГ нь 4 ээлжийн 16 галчтай. Өдөрт 8-9 тн нүүрс ашигладаг. 1.2 мв болон 1.8 мв-ын хоёр тогоо, 10 гаруй носос ажиллуулж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.