Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад ажиллав



Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллав. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босголтын ажлын явцтай танилцан,  орон нутгийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгөн ажилласан байна.



Тухайлбал:Хариуцлагатай жижүүрийг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагыг гарган ажиллуулах, жижүүрлэлтийн хуваарийг гаргах, гал гарсан эзэн шалтгааныг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллага бодитоор тогтоох, шуурхай зохион байгуулах, дулааны станцын барилга доторх зарим тоног төхөөрөмжийг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, дулаалах, гадна том хаалганаас дулаан алдахаас сэргийлэх, шөнийн нөхцөлд ажиллах бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах, сумын шуурхай командыг тодотгож, шаардлагатай тохиолдолд нүүрс зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд оролцуулах, хүч хүрэлцэхгүй тохиолдолд ард иргэдийг дайчлах, зардлыг хуулийн дагуу сумын удирдлага хариуцаж ажиллах, сэргээн засварлалтын хугацаанд явцын хяналтыг зохион байгуулах зэргийг үүрэг болгон ажиллажээ.



Тэгвэл өнөөдөр дээрх ажлынхаа үр дүнг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэж цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ тухайн өдөр гал гарсан даруйд аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй хамгийн зөв, оновчтой, шуурхай арга хэмжээ ажилласан нь үүсэж болох аюул, учирч болох хохирлоос урьдчилсан сэргийлж чадсан байна гэдгийг онцоллоо. Одоогоор тус станцын зуухны ажиллагаа хэвийн явагдаж байна. Нүүрс дамжуулах хоолой ажиллахгүй байгаа учраас нүүрсийг гар аргаар зөөвөрлөж байгаа гэнэ. Шаардлагатай сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос захиалж Улаанбаатар хотод ирж байгаа ба Ховд аймагт 3-5 хоногтоо ирэх боломжтой. Юутай ч Ховд дулааны станцын барилгад галын улмаас үүссэн эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, цонх хаалгыг битүүлэхээс эхлээд 12 сарын 30 гэхэд станцын үйл ажиллагааг хэвийн ажиллагаанд оруулахыг өнөөдрийн Онцгой комиссын хуралдаанаар үүрэг болголоо.  













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ