Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан нь мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна.


Ховд аймгийн 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамжийг тодорхойлсон дүн.

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/404 тоот захирамжийн дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамжийг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж, зураглалыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд боловсруулав.

Ховд аймгийн зуншлагын байдал: 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд хэвийн, 70 орчим хувьд дунд, 20 гаруй хувьд муу байсан. Энэ зуны байдлаар 5,6,7 дугаар саруудад хур тунадас бага  хэмжээгээр орсон боловч 6 дугаар сарын дундаас хойш, 7 дугаар сардаа хур бороо бага, хуурай халуун салхитай, хэт халуун олон хоног үргэлжилсэн нь ургамлын ургалтанд муугаар нөлөөлж үе шат явагдахгүй зогсонги байдалтай болж, хатаж шарлаж, зуншлага муудах шалтгаан болсон.


Бэлчээрийн даацыг нийт нутгийн дүнгээр авч үзвэл: Аймгийн нийт 79 багийн нутгаар бэлчээрийн даац, багтаамжийн хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад:        

5% нь (бэлчээрийн нөөцтэй)

5% нь (бэлчээр хүрэлцээтэй)

17% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)

10% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)

63% нь (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 10 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 орчим хувь нь 1-3  дахин хэтэрсэн, нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул өөр нутагт отор нүүдэл хийх, хадлан, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна.   
  


Сум багийн дүнгээр  авч үзвэл:
Эрдэнэбүрэн, Мянгад, Чандмань, Буянт, Жаргалант сумдын нийт багуудын нутаг, Ховд сумын Улаанбураа, Цагаанбургас, Дундус, Дөргөн сумын Агваш, Манхан сумын Баянгол, Ботгон, Улаанхүрээ, Зэрэг сумын Бургасан, Бураа, Эхэн, Дуут сумын Цагаан бургас, Шивэр, Босго, Мөнххайрхан сумын Хаг, Мөст сумын Хужирт, Баянхайрхан, Улаантолгой, Цэцэг сумын Баянгол, Баяновоо, Цэцэг нуур, Дарви сумын Дэлгэр, Булаг, Үенч сумын Хөхүзүүр, Булган сумын Далт, Бүрэнхайрхан багуудын нутаг  бэлчээрийн даац, багтаамж  олон дахин хэтэрч  гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.                                                                                                      
Дөргөн сумын Сээр,  Буянт сумын Норжинхайрхан, Дуут сумын Хөхбэлчир, Мөнххайрхан сумын Борт, Алаг, Сэнхэр, Мөст сумын Цэцэг гол, Алтай сумын Тахилт багуудын бэлчээрийн даац, багтаамж  3-5 дахин хэтэрсэн, Ховд сумын Баруунсалаа, Баянбулаг, Дөргөн сумын Агваш арал, Манхан сумын Тахилт, Зэрэг сумын Хөндлөн, Дарви сумын Мөнгөнаяга, Дэлгэр, Цэцэг сумын Хажинга, Мөст сумын Давст, Үенч сумын Нарийн гол, Булган сумын Баянгол, Баянсудал, Байтаг багуудын  нутгаар бэлчээрийн  даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна.

Харин Алтай сумын Барлаг, Алтангадас, Бодонч, Үенч сумын Жаргалан, Улиаст, Цагаантүнгэ, Булган сумын Алагтолгой, Манхан, Зэрэг сумдын харяъа Зэрэгийн гол дагуу нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй  ба бага хэмжээний нөөцтэй гарчээ.

Судалгааны дүнгээс харахад тухайн жил нийт нутгаар ургамлын гарц муу эрт хатаж гандсан, ургамлын төрөл зүйл цөөн гарсан голдуу таана, хөмүүл, шарилж мэтийн ургамал ургасан, ургац муу, нийт сумдын  малын тоо хэт ихэссэн зэргээс бэлчээрийн даац, багтаамж олон дахин хэтрэх нөхцөл болж байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатайг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ!

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ