Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс 7 дугаар сард “Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 6 төрийн албан хаагчийг шагнасан байна. Тэдний нэг болох Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Ц.Загиржавын шагналыг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх гардуулан өгч баяр хүргэлээ. Тэрээр төрийн албаны тусгай чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн, улс орноо батлан хамгаалах эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бататган бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, албандаа нэр төртэй, олон жил үр бүтээлтэй ажилласаар ирсэн тул төр хөдөлмөрийг нь ийнхүү үнэлжээ.
Түүнчлэн энэхүү шагналаар нутгийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх төрийн ажил үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, албан үүргээ шударга, идэвхи санаачлагатай гүйцэтгэж, амжилт гарган, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж буй аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн А.Оюундэлгэр, Үенч сумын ЕБС-ын багш Б.Цогоо, Мөнххайрхан сумын Сэнхэр багийн иргэн, Ахмадын хорооны дарга Б.Нямаа, аймгийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж нарыг шагнасаныг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар баяр наадмын үеэр хүндэтгэлтэйгээр гардуулсан байна.