Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд "ЦАХИМ" хурал зохион байгуулав.



Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын цахим хурал” өнөөдөр боллоо. Уг хуралд Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат, Д.Гантулга, Ж.Батзандан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Лхамжав болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцов. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Энэхүү олон нийтийн хэлэлцүүлгийн дүнг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр болсон гэдгийг онцлов.




Цахим хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Лхамжав “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж”- (http://forum.parliament.mn дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү)-ийг, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолыг танилцуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Цахим хуралд оролцож буй аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлынхаа талаар товч танилцуулав. Ховд аймгийн тухайд олон нийтийн хэлэлцүүлгийг Жаргалант, Мөст, Эрдэнэбүрэн сумдад ирэх 8 дугаар сарын эхээр бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Уг цахим хуралд Ховд аймгаас ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон аймгийн ИТХ, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцов.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ