Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ. Баяр наадмын үйл ажиллагааг Аймгийн Засаг дарга Д.Галсандондог нээж үг хэлэв. Дараагаар нь Ховд аймгийн шилдэг тэргүүний алдартан гавьяатнуудын төлөөлөл болох аймгийн Арслан Р.Галсандаваа, Прогресс сургуулийн сургалтын менежер Д.Баттулга, Эмэгтэйчүүдийн их эмч Б.Нансалмаа, аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч, спортын мастер Ч.Түмэндэмбэрэл, Улсын тэргүүний тариаланч Л.Цэцэгсүрэн, Мянгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Я.Ган-Очир, Өргөө ХК-ний захирал н.Пүрэвдорж, ХДТ-ын ерөнхий удирдаач Н.Цолмон, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч И.Сэргэлэнбаяр нарын 9 алдартан Монгол Улсынхаа төрийн далбааг өргөн мандууллаа.
Баяр наадмын нээлтийн үеэр үхрийн бөөр шиг алаг хирнээ ихрийн сэтгэлтэй ард түмэн болох 13 ястны туг, далбааг баяр наадмын төв талбайд ёслол хүндэтгэлтэйгээр өргөн мандуулсан нь энэ жилийн наадмын нэгэн онцлог байлаа.
ВИДЕО:
Баяр наадмын хүндэт индэрт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн ИХ-ын төлөөлөгчид, хүндэт зочид төлөөлөгчид уригдан, баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхов.
Баяр наадмын нээлтийн үеэр аймгийн ХДТ-ын уран бүтээлчид болон Б.Нямдаваа багштай бүжгийн дугуйлангийн сурагчид, бяцхан авьяастнууд наадамчин олондоо дуу хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барьж баяр дээр нь баяр нэмлээ.
Ийнхүү Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний дараа хүчит бөхийн барилдааны 1-ийн даваа эхэллээ. Энэ жилийн наадамд Чандмань сумын харьяат, Улсын начин И.Мөнхбаатар, Налайх дүүргийн харьяат, аймгийн хурц арслан Канат, Дуут сумын харьяат, аймгийн арслан С.Ганхуяг, Үенч сумын харьяат аймгийн арслан н.Батмөнх, Чандмань сумын харьяат, аймгийн арслан Г.Цэдэнбал нараар манлайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөх хүч үзэн барилдаж байна.