Аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийв



БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн удирдлагуудтай уулзалт хийх, Ховд аймаг, Аньхуй муж хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр хийх, “Нэг бүс-Нэг зам” Монгол Улстай хамтран ажиллах форумд оролцох зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг Аньхуй мужийн Засаг дарга Ли Гуо Ин, Цонж аймгийн Засаг дарга Ма Шюн Чөн нарын урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрүмч хот, Аньхуй мужийн Хөфэй хотод энэ оны 4-р сарын 03-10-ны өдрүүдэд  томилолтоор ажиллажээ.




Томилолтоор ажиллах хугацаанд БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрүмч хотод ШУӨЗО-ны Ужиачү хотын орлогч дарга Ян Мияосэн тэргүүтэй төлөөлөгчид, ШУӨЗО-ны Цонж аймгийн Ма Хунжүн тэргүүтэй төлөөлөгчидтэй тус тус уулзалт хийв. Мөн Цонж аймгийн удирдлагуудтай Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км хатуу хучилттай замыг Чита сумын хөрөнгө оруулалтаар барих асуудлаар ярилцсан бөгөөд Цонж аймгийн удирдлагууд 5 дугаар сарын эхээр Ховд аймагт ажлын айлчлал хийж тус хөрөнгө оруулалтын талаар болон бусад хамтран ажиллаж болох төсөл хөтөлбөртэй нарийвчлан танилцахаар тохиролцов.





Төлөөлөгчид Үрүмч хотод ажиллах үеэрээ ШУӨЗО-ны 8 дугаар Гангийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа. 
Үүний дараа Аньхуй мужийн Хөфэй хотод тус мужийн Засаг дарга Ли Гуо Ин, Засаг даргын орлогч Жан Шугуан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, Ховд аймаг, Аньхуй муж хооронд “Найрамдалт аймаг, муж”-ийн харилцаа тогтоон эдийн засаг, бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцлоо. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог эдийн засаг, техникийн хөгжлөөрөө Хятад улсад тэргүүлэх мужуудын нэг Аньхуй мужтай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр аймаг, мужийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэйгээр дэмжин хөгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт болон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах бүрэн боломж буйг онцоллоо.




Ийнхүү Аньхуй мужид хийсэн айлчлал Аньхуйн бизнесийн хөгжлийг дэмжих холбооноос БНХАУ-ын 22 мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд болон Аньхуй мужийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан “Нэг бүс-Нэг зам” Монгол улстай хамтран ажиллах форумын үйл ажиллагаагаар үргэлжиллээ. Тус форумд аймгийн Засаг дарга Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын тухай товч танилцуулга болон 2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн талаарх танилцуулгыг хийж, санал бодлоо солилцсон нь оролцогчдод Монгол улс, тэр дундаа Ховд аймгийн талаарх мэдээлэл болон Ховд аймагт хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төслүүд, түүний эрхзүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгсөн юм. 
Энэ үеэр Хятадын талаас Монгол улс, тэр дундаа Ховд аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран ажиллахаа илэрхийллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ