АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ховд аймагт ажлын айлчлал хийлээ.



Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 30 жил болж байгаа бол Ховд аймагтай 2007 оноос хойш хамтран ажиллаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Америк, Монголын дипломат холбоо тогтоосны 30 жил, Ховд аймагт Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг угтаж АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жинифер Зимдал Галт Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. АНУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болон түүний ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзан, өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан ажлын үр дүн, цаашид хийгдэх ажлын талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жинифер Зимдал Галт: Монгол улсад  АНУ-ын Соёл мэдээллийн хоёрхон төв байгуулсаны нэг нь Ховд аймагт байгааг дурьдаад цаашид АНУ-ын Соёл мэдээллийн төвийг аймгуудад нээх бодолтой байгаагаа илэрхийллээ. Тэрээр уулзалтын үеэр Ховд аймгийн мэдээллийг сонсоход Мах боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа нь чухал бөгөөд АНУ-ын ЭСЯ-ны хувьд Монголын махны салбарыг олон улсад өрсөлдөхүйц болгоход анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ. Энэ удаад Ховд аймагт хүрэлцэн ирснээр алслагдсан баруун бүс нутагт хийж хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийг судлах, хамтын ажиллагаагаа юунд чиглүүлэхийг тодорхойлох чухал алхам болно хэмээн АНУ-ын Элчин сайд уулзалтын төгсгөлд онцлон хэлэв.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ