Булган суманд 25-100 MW-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний станц баригдана.



БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ий орлогч захирал Чай Мао тэргүүтэй төлөөлөгчид  сэргээгдэх эрчим хүчний станц барих асуудлаар Ховд аймагт ажлын айлчлал хийлээ.   Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний станц барихаар төлөвлөсөн газрыг  танилцуулахаар  Булган суманд ажиллалаа. Түүнчлэн Үенч суман дахь БНХАУ-аас эрчим хүч импортлож байгаа дэд станцтай танилцсан байна. 


 
           


           
 Алтай, Үенч, Булган сумдад ажилласан БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ны  төлөөлөгчид аймгийн төвд хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний олон улсын холдинг” ХК-ий орлогч захирал Чай Мао нар Ховд аймагт эхний удаа 25-100 MW-ын хүчин чадал  бүхий нар, салхи, ус, ахуйн хогийг дахин ашиглах болон нүүрсний станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний станц барих асуудлаар харилцан зөвшилцөж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэв. Ингэснээр  Ховд аймгийн Алтайн цаадах баруун гурван сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж байна.

 
Дараагийн удаад БНХАУ-ын Шинэ эрчим хүчний олон улсын холдинг ХК –аас Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний станц барихтай холбодох судалгаа хийх мэргэжлийн хүмүүс ирж ажиллахаар болсон байна. Энэ судалгааг хийж дүгнэлт гаргасаны дараагаар Булган суманд баруун 3 сум төдийгүй Ховд аймаг баруун бүс нутагт хэрэгцээтэй томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр төлөвлөж байна.  Энэхүү 25-100 MW-ын хүчин чадал  бүхий сэргээгдэх эрчим хүчний станц баригдсанаар Алтай, Үенч, Булган сумд БНХАУ-аас өндөр үнэтэй эрчим хүч импортлохгүй өөрөөр хэлбэл  эрчим хүчний хараат бус болох чухал ач холбогдолтой юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ