Өнөөдөр хуралдсан аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймгийн удирдлагууд оролцож мэдээлэл хийлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Нутгийн өөрөө удирдах байгууллагын цаг үеийн ажлын мэдээллийг танилцуулж, байгууллага аж ахуй нэгж, агентлагийн дарга эрхлэгч нарт тодорхой үүрэг чиглэл өглөө.Тэрээр хууль тогтоомжийг иргэд олон нийтэд хүргэж мэдээлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгааг дурьдаад Төрийн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг ханган, иргэдэд ил тод, нээлттэй үйлчлэх, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд байгууллагын дарга, эрхлэгч нар төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Иймд төрийн байгууллагууд хотын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажилд байгууллага хамт олноороо иргэд, олон нийтэд үлгэрлэн ажиллах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн сар шинийн баяр ойртож байгаа тул ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг эрүүл мэнд, боловсролын салбарын дарга эрхлэгч нарт үүрэг болголоо. Дараагаар нь Монгол банкны Ховд дахь салбарын захирал Ц.Батэрдэнэ Ховд аймаг дахь банкны салбаруудын 2016 оны үйл ажиллагааны талаармэдээлэл хийсэн бол аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын оролцоо анхаарах асуудал" сэдвээр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл "Насны хишиг" тэтгэвэрт хамрагдах ахмадуудын бүртгэлийн явцын талаар тус тус мэдээлэл өглөө. Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар болон энэ сард аймаг орон нутагт болох үйл явдлын талаар танилцууллаа. Тухайлбал 2 дугаар сарын 14-нд Монгол улсын Их хурлын дарга М.Энхболд Ховд аймагт хүрэлцэн ирэх бөгөөд түүний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 6 яамны сайд болон дэд сайдууд дагалдан ажиллана. Мөн аймгийн Аварга малчид, Тэргүүний тариаланч, Аймгийн хошой аварга малчид тодорсон бөгөөд 36 аймгийн аварга малчин, 5 тариаланч, 1 фермер, 3 хошой аварга малчин болон улсын аваргуудад шагнал гардуулах зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Зөвлөгөөний төгсгөлд Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг тогтсон хугацаанд хийж байгаа учраас албан байгууллагын дарга, эрхлэгч нар хуралдаа идэвхитэй, соёлтой оролцох, хурлын дэгийг барих шаардлагатай байгааг анхаарууллаа.