Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнийг сар бүрийн сондгой долоо хоногийн хоёр дахь өдөр зохион байгуулахаар Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Тэгвэл хуваарийн дагуу өнөөдөр 10:00 цагт аймгийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнийг зохион байгууллаа. Шуурхай зөвөлгөөнд 97 байгууллагын удирдлага оролцох байсан боловч зарим байгууллагын удирдлагууд ирээгүйгээс ирц 100 хувьд хүрч чадаагүй байна. Тиймээс дараа дараагийн зөвөлгөөнд оролцоогүй бол тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтанд хариуцлага тооцохыг өнөөдрийн шуурхайгаар онцоллоо. Зөвөлгөөнөөр голлох салбарын удирдлагуудад хандаж аймгийн Засаг дарга Д.Галсандондог үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад холбогдох салбарын удирдлагууд анхаарч ажиллах, томуу, томуу төст өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгүүд хүүхдүүдийг оролцуулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, баруун гурван суманд их хэмжээний цас орсонтой холбогдуулан замын цас арилгах, өвс тэжээлийн нөөцийн мэдээ өгөх зэрэг үүрэг чиглэл өглөө. Мөн зөвөлгөөний үеэр мялзан өвчин гарсантай холбогдуулан отор хийхгүй, гаднаас мал өвөлжүүлэхгүй байх, мөн маргааш өглөөнөөс эхэлж хотын гудамжинд мал бэлчихгүй байх зэрэгт анхаарч ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт анхааруулж, үүрэг болголоо.