
НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон зарласан байдаг.
Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах, хамтран ажиллах уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үүнтэй холбогдуулан
“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ ХОВД” арга хэмжээг өнөөдөр /2023.12.07/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зохион байгуулав.

Аймгийн Засаг дарга Э.Болормаа тус арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэллээ.
2024 оныг “Хүүхдэд ээлтэй- Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд саадгүй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд хувиараа хөдөлмөр эрхлэгч 23 иргэн оролцож 50 гаруй нэр төрлийн бүтээлээ танилцуулсан юм.

Мөн энэ үеэр нэр бүхий хүмүүсийг Ховд аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, аймгийн 90 жилийн ойн медалиар шагнав.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан “Нөхөрсөг тоглолт”, “Нэг дэлхий” бүтээлийн үзэсгэлэн, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ба орчны хүртээмж” гэрэл зургийн уралдаан, “Сайн дурын ажилд бидний оролцоо” аянд идэвхтэй оролцож байр эзэлсэн шилдгүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүний 3000 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
