Одоогоос 82 жилийн өмнө арслан Ш.Ванчинхүү төрийн наадмын түрүү хүртэж байсан. Тэгвэл АХ-ын 100, 101 жилийн ойн баяраар О.Хангай 10 даван түрүүлж
“Улсын аварга” цол хүртсэн нь түүхэн амжилт боллоо.
Ховд аймаг АХ-ын ойн баяр, наадмаар
“Улсын” цол хүртсэн аварга, заан, начин, мэргэн харваачид хүндэтгэл үзүүлэх
“ТАЛАРХАЛ ХҮНДЭТГЭЛИЙН НААДАМ”-ыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
“ТАЛАРХАЛ ХҮНДЭТГЭЛИЙН НААДАМ”-ын үеэр гурван насны морь уралдуулж, урианхай сурын харваа, хүчит 128 бөхийн барилдаан, “АВАРГАТАЙ ҮДЭШ” үдшийн цэнгүүн, Ховдын брэнд болсон “ТАРВАС” эвент арга хэмжээг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.09.07/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ажлын хэсгийн ахлагч Т.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар сумдын удирдлагуудтай “ЦАХИМ”-аар уулзлаа.
Энэ үеэр эхний ээлжид ойрын хугацаанд аймаг, орон нутагт хийх цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сум, баг, айл өрхийн хүрээнд сайтар хангаж ажиллахыг анхааруулав. Дараа нь наадмын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа, сумдын удирдлагууд юуг анхаарч, ямар үүрэгтэй, хэрхэн оролцох талаар чиглэл өглөө.
“ТАЛАРХАЛ ХҮНДЭТГЭЛИЙН НААДАМ”-ыг ард түмний хандив, сэтгэлийн дэмжлэгээр зохион байгуулна. 17 сумын удирдлагууд иргэдээ уриалан дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Бөх, сур, морио дээдэлж Үндэсний спортоо дэмждэг олон угсаатан ард түмэн та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР