
Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2025.01.31/ Эрдэнэбүрэн суманд ажиллаж байна. Албан томилолтын хүрээнд тус сумын Эрүүл мэндийн төвөөр орж ажил байдалтай нь танилцлаа. Мөн сум, багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төв нь 24 орон тоотой. Гурван их эмчтэй ажиллаж байна. Өвлийн улиралд өвчлөл харьцангуй нэмэгддэг. Зам дагуу, дайран өнгөрөх байршилтай мөн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбогдуулан сүүлийн жилүүдийн аль ч улиралд ачаалал нэмэгдэж байгааг их эмч Б.Дагиймаа танилцууллаа.

Үйлчлүүлэх иргэдийн эрэлт хэрэгцээ, ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан тусламж үйлчилгээний чанар стандартыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн төв нь 1973 онд ашиглалтад орсон байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн сүүлд 2018 онд их засвар хийсэн байна.

Одоо засварлаад байх биш шинэчлэхгүй бол:
-Шүдний кабинет байгуулах боломжгүй, цэвэр бохирын дэд бүтэц шийдээгүй учир стандартын шаардлага хангасан орчин бүрдээгүй зэргээс шалтгаалан “Магадлан итгэмжлэл”-ийн үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг байна.
Үүнээс гадна:
-Алсын дуудлага болон хүнд өвчтөн тээвэрлэж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэхэд автомашин шаардлага хангадаггүй, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах орчныг сайжруулах /компьютержуулах/, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллахыг хүслээ.

Салбарын асуудал хариуцсан орлогчийн хувьд Л.Энхбаяр:
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр шат, шатандаа анхаарч хамтарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

