Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах баруун бүсийн сургалт Ховд аймагт боллоо.
Сургалтад Баянхонгор, Баян-өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүд болон БШУ-ны газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт, шинэ батлагдсан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудал цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж мэргэжил арга зүйгээр хангалаа.
Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг”-ыг ХНХЯ-ны дэргэд байгуулахаар хуульчилсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, оролцоог дэмжихэд эрх зүйн томоохон шинэчлэл болсон байна. Комиссын үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг бага насанд нь илрүүлэх, тэдний өсөлт хөгжлийг дэмжин оролцоог хангаж, нийгмийн сайжруулахад чиглэсэн салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг байна.
Дээр дурдсан 6 аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байна. Эдгээр хүүхдийн боловсролын хамрагдалтыг авч үзвэл СӨБ-д 1065, ЕБС-д 5606 хамрагдаж буй судалгаа байна.
Тус сургалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад салбар байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа сайжирч, бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн дэмжлэг оролцооны олон улсын чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрнэ” гэж албаныхан үзэж байна.